Алтаншагай7 reviews1 followerFollowFollowDecember 1, 2020Энэ номыг дахин хэвлэгдээсэй гэж их хүсдэг юм.Миний хувьд 13 –р зууны баатарлаг түүхийн бүдэгхэн улбааг жим болгосон гавъяатай ном. Номонд донтсон дунд ангийн жаал байхдаа айлын зуухны дэргэдээс эхнээсээ урж, гал ноцоогоод эхэлсэн, навсайсан шар ном байсныг харж үлдсэн хуудсуудыг сөхвөөс миний сэтгэлд зүүд зэрэглээ мэт оршдог төсөөллийг кино шиг харуулсан энэ гайхамшигт ном байсан юм. Харин би ямар номны гуравны хоёрыг уншсанаа арваад жилийн дараа оюутан болсон хойноо л мэдэж авч бүрэн уншиж байлаа. Тухайн үед Бизнетворкийн номын групп дээр үйл явдлыг нь тоочин байж, ийм ном мэдэх хүн байвал нэрийг нь хэлж өгөөч гэж хайсны эцэст “Тооноор тольдогч сүүлт од” гэсэн өвөрмөц нэр сонссон юм. Тэр өдрөө Нацагдоржийн номын санруу гүйж багынхаа дурсамжтай дахин учирч, баатарлаг үйлс дунд огшиж, зүрх зүсэм эмгэнэлд нь өр өвдсөн юм даа. Интернет, компьютерт “толгойгоо мэдүүлээд” номоос хэсэгхэн хөндийрсөн би гар утас ч гэж мэдэхгүй бага насны “халтар” өдрүүдрүүгээ энэ номоор дамжин аялсан юм. Ер нь надад ингэж хүүхэд насанд оюун санаагаар хүргэж өгдөг хэд хэдэн “навсгар” хөлөг байдаг юм. За энэ ч яахав.Саньцар гэдэг хүний ганц л номыг мэдэх нь энэ...Эзэн Чингис хааны үйлийн үргэлжлэлийг үр хойч нь хэрхэн хөтөлж байгааг их урнаар харуулдаг юм. Өгөгдэйн удмаас Тулуйн удам угсаа хаан ширээг булаах их хуйвалдаанд энгийн ардын хүү өөрийн эрхгүй татагдан орж буйгаар ном өрнөж эхэлнэ. Алтан ургийн хуйвалдаан дунд эгэл ардууд хэрхэн тээрмийн будаа мэт няцарч байгааг харуулахаас гадна, харийг дайлж яваа Монгол цэргүүдийн хувийн амьдрал, хайр дурлал, сэтгэлийн ээдрээг нүдэнд харагдтал харуулж чадсан болохоор ч тэр юм уу, Монголын нууц товчооноос өөр эртний түүхийн зохиол уншиж үзээгүй миний бие энэ номыг олон дахин уншсаан. Баруун Европыг дайлсан ахмад хөвгүүдийн аян дайн, Зүчийн удамтай үгсэн хуйвалдах гэж оросын тайга, намгийг хөндлөн гулд туулсан зүдэргээт аялал, Японы арлыг дайлахаар хөдөлсөн, Номхон далайг дүүргэсэн Хубилайн флотын сүйрэл зэргийг сонирхох бол энэ номыг уншаарай гэж зөвлөх байна. Сэтгэлд чинь “зураад” өгнө. Миний сэтгэлээс салдгүй хоёр зүйл бол Уулын өвгөний хорон ярианы ховсонд автан зовж яваа Сабрагийн сэтгэлийн хямрал, Жиглэгийн гунигт үхэл хоёр.Уншаагүй бол уншихыг хүсье...