Жон Максвэлийн "Өнөөдөр амьдрах зарчим" буюу Today Matters by John C. Maxwell
КОВИД-19-ийн нэг сайн тал нь хөл хорионд орсон үедээ цахимаар ажил, хичээлээ амжуулахын хажуугаар өөртөө гаргах цаг зав арай илүү болох юм. За тэр ч яахав, “хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш” гэдэг шиг хүн өөрөө мэдэж байгаа хэрнээ хэлүүлэхээс нааш нэг их байнга ухаарч хийдэггүй, хэрэгжүүлдэггүй зарим зүйлс байдаг тээ. Тийм болохоор өөрт хэрэгтэй, хувь хүний хөгжил тал руугаа ном бариад гол ажлынхаа хажуугаар хааяа уншчихвал зүгээр санагддаг юм. Харин байнга уншвал хортой юм шиг санагддаг. Бүүр нэг хэд хэд эхлүүлсэн ч уншигддаггүй байсан номоо сая уншиж дуусгалаа. “Өнөөдөр амьдрах зарчим” буюу “Today Matters” номонд өнгөрсөн бол нэгэнт өнгөрөөд байхгүй болсон цаг хугацаа, харин ирээдүй бол өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсний үр дүн учраас өнөөдрийг хэрхэн тултал нь үр дүнтэй өнгөрүүлэх 12 зарчим болон тэдгээрийг хэрхэн өөртөө дадал зуршил болгох тухай гардаг.
Тус номонд Жон Максвелл тухайн 12 зарчмуудын агуулгатай нийцсэн өөрийн болон бусдын тухай түүх, болсон явдлууд, онч мэргэн үгнүүдийг жишээ татан бичсэн байдаг. Хувь хүний хөгжлийн номнууд дээр хүмүүсийн туулж өнгөрүүлсэн туршлага, түүхийг эш татаж бичдэг ч гэсэн энэ номон дээр хэтэрхий олон хүний богино, богино жишээ, онч мэргэн үгнүүдийг их дурдсан байсан нь дэндүү залхмаар санагдсан. Мөн миний гарт байсан нь монгол хэл дээрх орчуулгын ном байсан болоод ч тэр юм уу, “модон” үг хэллэгүүд ихтэй, зарим жишээ нь гол агуулгатайгаа авцалдахгүй, ер нь л нэг тийм “наалдацтай” санагдаагүй. Эсвэл би иймэрхүү номнуудыг нэг их сонирхож, ач холбогдол өгөхөө больсон ч байж магадгүй л юм.
За, ерөнхий агуулгын хувьд нэг тиймэрхүү санагдлаа. Харин өдөр тутам анхаарвал зохих 12 зарчим нь амьдралд ойр, өөрт дадал зуршил болгосон байхад хэрэгтэй л зүйлс байлаа. Үүнд:
1. ХАНДЛАГА. Өдөр бүр аливаа зүйлд эерэг хандлагатай байж, зөв зан байдлыг харуулах. Өнөөгийн нийгэмд стресстэй тулгарах үедээ хааяа ухрах нь чухал байдгийг сануулав.
2. ЧУХЛЫН ЭРЭМБЭ. Өдөр бүр “чухлын эрэмбэ”-ийг тогтоох. Зарим нэг шалдар булдар ажлуудыг хойш нь тавьж, сошиал медиагаа хааж, хамгийн чухал гэж үзсэн ажлуудаа дарааллуулж, дугаарлаад, эхнээс нь түүн дээрээ гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг анхааруулав.
3. ЭРҮҮЛ МЭНД. Өдөр бүр эрүүл мэндийн мөрдлөгийг баримтлах. Зөв хооллох, богино хугацаанд ч гэсэн дасгал хөдөлгөөн хийх (дасгал хийсний дараа эм хүний хийморь яаж сэргэдгийг санаж байгаа биздээ хаха), за тэгээд гадуур гарахаар бол коронагийн халдвар хамгааллын дэглэмээ мартуузай.
4. ГЭР БҮЛ. Өдөр бүр гэр бүлтэйгээ ярилцаж, хамт байх цаг зав зарцуулах. Заавал нээх сүртэй юм байх албагүй, өөрийн хуваарьт таарсан хамт хийх хөөрхөн амархан зүйлс ч байж болноо.
5. БОДОЛ. Өдөр бүр өөдрөг санаа бодолтой байх. Оюун ухааны цэвэрлэгээ л гэж бод. Бодож суухад өөрт тохиромжтой хаана ч юм газар олж, дор хаяж нэг цагийг өөрийгөө дүгнэх, хийж буй зүйлсээ эргэцүүлэн бодоход зарцуулаарай.
6. ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА. Өдөр бүр өөрийн зохих үүрэг хариуцлагаа биелүүлж амьдрах. Амьдралд хүлээсэн хариуцлагаа хойшлуулж эсвэл зугтаалаа гээд угаасаа л өөрийн чинь хийх ёстой зүйлс юм чинь одоо яахаас ч аргагүй шүү дээ. Тийм болохоор түүнийгээ сайхан ухамсарлаад, үүрэг хариуцлагаа хүлээгээд, өсөж дэвжихийн төлөө хөдөлмөрлөөрэй. Чадахгүй гэвэл төр засгийг буруутгаад байлгүй өөртөө л гомд доо найзаа ккк.
7. МӨНГӨ, САНХҮҮ. Өдөр бүр мөнгө олж, зохистой зарцуулах. Мөнгийг зөв аргаар чадах чинээгээрээ олж, чадах чинээгээрээ хуримтлуулж, чадах чинээгээрээ хэрэгтэй хүнд нь туслаарай. Аан бас, зардал бүртээ ухаалаг байгаарай.
8. ИТГЭЛ. Өдөр бүр итгэлээ гүнзгийрүүлж, хадгалах. Чимээгүй бясалгал хийж, оюун санааны сууриа бэхжүүлвээс таны итгэл таныг хамгаалах болноо.
9. ХАРИЛЦАА ХОЛБОО. Өдөр бүр гүн бат харилцааг бүрдүүлэх. Хүн бол нийгмийн амьтан учраас бусадтай байнга л харилцаа холбоотой байх хэрэгтэй. Гэхдээ олон хүнтэй харилцаж, олон хүн таньдаг байлаа гээд 100% амжилттай явна гэсэн үг биш, харин тоочны сайхан хүмүүстэй итгэлцэж, зөв харилцаатай байхыг хэлж буй болой.
10. ӨГӨӨМӨР СЭТГЭЛ. Өдөр бүр бусдад талархах. Талархсан сэтгэлээ илэрхийлж байвал зохистой талаар л яриад байх шиг байсан даа.
11. ҮНЭТ ЗҮЙЛС. Өдөр бүр сайн үнэ цэнэтэй байж, хэрэгжүүлэх. Мэдээж материаллаг зүйлсийн талаар яриагүй. Өөрийн тань дотоод үнэт зүйлсээ хүндэлж, ямар ч үед таны үндсэн үнэ цэнэтэй нийцэхгүй байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөлгүй хасаад явчих гэсэн санааг өглөө.
12. ӨСӨЛТ. Өдөр бүр өсөлтийг эрэлхийлж, мэдрэх. Шинэ туршлага олж авах эсвэл идэвхтэй суралцах гэх мэт өөртөө хэрэгтэй зүйлсийг өдөр бүр бага ч гэсэн хийж байгааарай. Тэгээд сурсан зүйлээ өөрийгөө болон бусдыг сайжруулахад хэрэглэж чадвал таны сурах гэж хичээсний үр дүн, ашиг гарсанд тооцож болно.