Гараа угааж байгаад л эмээгийн хажууд суугаад уншдаг байсан ном байгаа юм. Үлгэрүүд, үйл явдал нь сонирхолтой байдаг байсан санагдаж байна. Бурхны шашны сургаалуудыг сорчлон түүвэрлэсэн. Өөрийнхөө “би” гэсэн үзлээс салж амар амгаланг олох тухай санааг сайн ойлгохын тулд уншаад өмнө нь анзаарч байгаагүй хэсгүүдтэй таарлоо. Ер нь сэтгэл дэх зөрчлүүд ийм ийм гээд тайлбарлаж байгаад тэдгээрээсээ салахын тулд бурхны сургаал дагах хэрэгтэй юмаа гэсэн санаагаа олон талаас нь нотлох гэсэн агуулгатай.
Махаяанаг дэлгэрүүлэх, гэгээрэлд хүрэх, Бурхны сургаалийг дагах нь бүх асуудлын бүрэн шийдэл юм аа гэж байсан болохоор зарим хэсэг дээрээ уншихад жаахан хүнд байсан. Бөө мөргөлийн зан үйл, Бурхны шашин хоёр хоорондоо зөрчилдөх, эсвэл дайсагналцах зүйлгүй ээ гэж найдвартай байх эх сурвалжаас сонсож байсан чинь, “...Тэд ямар ч хэцүү хориг тавьсан, зөв сургаал ямагт түгэн дэлгэрч байсан учраас бөө шүтэгчид Модгальяанаг алж, улмаар Бурхан багшийн гар хөлгүй болгохоор шийджээ.” гэсэн хэсэг таарахын.
Бас эмэгтэй хүнийг онцлон тусгасан зарим хэсгүүд дээрээ “...эмэгтэй хүний сэтгэл амгалан тайвнаа алдаж, буруутгах нь хялбар буй. Эмэгтэй хүн ховдог шунахай тул бусдад атаархаж, бусдаас харамлаж байдаг. Эрэгтэй хүнийг бодвол гэгээрэх замд нь саад бэрхшээл их учирна.”, “...эр нөхөр нь эхнэртээ гэрийн ажлаа даатгаж хааяа гоёл чимэглэл өгч байвал зохистой” гэсэн байсан. Нэг зурганд орохгүй байгаа юм.
Санаж явах зүйлс олон байсны хажуугаар, ийм өөрчлөгдөхгүй шууд итгэл бас жаахан айлгасан.
106-“...Үнэхээр энэ хорвоод бүх юм урсан улирч, түргэн өөрчлөгдөж, тогтвортой, найдлагатай юу ч байхгүй бүлгээ. Ийм нөхцөлд байгаа хэрнээ бүгд л зугаа цэнгэл хөөцөлдөх нь ихэд гунигтай юм”
127-“...Нэр алдар, эд баялаг, гоё чамин юмны хойноос хөөцөлдөж буй хүн зөгийн бал түрхсэн хурц иртэй илдийг долоож буй хүүхэдтэй адил юм. Амтат балыг долоож байгаад хэлээ зүсч болзошгүй.”
133-“...Хэрэв орчин тойрон нь сайн бол хүн ариун сэтгэлтэй, төлөв даруу, амгалан тайван байж чаддаг. Гэвч орчин тойрон нь хувиран өөрчлөгдөж, өөрийнх нь эсрэг хандвал тийм хэвээр үлдэж чадах уу?”
143- “...Муу, сайн хүмүүс зан чанараараа ялгарна. Муу хүн нүгэлийг эс ухаарч, түүнийг үйлдэхээ зогсоож эс чадна. Тэрбээр нүглийнх нь тухай хэлэхэд дургүйцэнэ. Сайн хүн буян, нүглийн тухай ойлголттой болой. Тэрбээр нүглийг танимагц, үйлдэхээ зогсоож, нүдийг нь нээж өгсөн хүнд талархан баярладаг.”
163-“...Тиймээс хүн сонголт хийх ёстой. Тэрбээр өөрт нь хамгийн чухал, хамгийн хэрэгтэй нь юу вэ? Гэдгийг шийдэж, өөрийн хамгийн гол асуудлыг шийдвэрлэхэд сэтгэл юугаа бэлдэхээс эхлэх ёстой юм.”
181-“...Хэрэв өглөгийнхөө дараа харамсах юм уу, өгсөндөө биеэ тоох зан гаргавал энэ нь жинхэнэ өглөг биш ээ. Сайн үйл бүтээсэндээ баярлан хөөрч, өглөгийн эзэн өөрийгөө, юу өгснөө, хэнд өгснөө мартаж чадвал сая жинхэнэ өглөг болно.”
187-“...Зөв сургаал сонсоод байн байн эргэцүүлэн бодож, сурч судалж, дагаж мөрдвөл түүнийг ухаарна. Бодож эргэцүүлэхгүй, дагаж мөрдөхгүй бол, сонссон ч эс ухаарна.”
201-“...Гомдооход гомдох хэрэггүй. Уйтгар гунигийн цаг ирэхэд уйдаж гуних хэрэггүй. Ховдог хомхой сэтгэлтний дунд байхдаа ховдог хомхой сэтгэлтэй бүү бол. Аливаа юмны тухай бол миний юм гэж бүү бод.”
227-“...Орон гэрийг түйвээх зургаан үүд нь ууж согтуурах, үдэш орой болтол найрлах, хөгжим, театр зэрэгт ухаанаа өгч хөөцөлдөх, мөрийтэй тоглох, муу хүнтэй нөхөрлөх, ажлаасаа зугтах эдгээр болой”
231-“...Хүн нөхөрлөж болох хийгээд үл болох хүнийг ялгаж сурах хэрэгтэй. Нялуун үгтэй, бялдууч зантай, шунахай хүн болон үрлэгэн этгээдтэй нөхөрлөж болохгүй.
Хүнд хэцүү цагт чинь туслаж, баяр баясгалан, уй гунигийн алийг ч хуваалцахад бэлэн, зөв зүйтэй үгээ харамгүй хэлдэг, нигүүлсэнгүй сэтгэлтэй хүнтэй нөхөрлөж болно.
Чамайг буяны замаас хазайлгахгүйн тулд нүд эс салгаж, сэтгэлдээ чиний төлөө зовж, гай зовлон тохиолдоход тайтгаруулдаг, хэрэгтэй үед чамд туслахын тулд өөрийгөө ч үл хайрлаж, нууцыг чинь хадгалж чадах, үргэлж зөв зүйтэй зөвлөлгөө өгдөг тийм хүнтэй үерхэж, түүний төлөө зүтгэх ёстой.
Ийм найзтай болох амаргүй тул, хүн өөрөө бусдад иймэрхүү анд болохыг хичээвэл зохино. Сайн хүн өөрийн зөв үйлийн ачаар бусдын хувьд наран болдог билээ. “
263-“...Гомдол гомдлыг үл тайлна. Түүнийг гагцхүү мартан цайруулж болно”