Зохиолын гол баатар Фрэнк Каупервуд хүүхэд байхаасаа л улс төр, эдийн засагт татагдаж, 15 настайдаа Америкийн санхүүгийн тогтолцооны тухай бүрэн ойлголттой болж хувьцаа гэж юу болох, түүний ханш яагаад байнга хэлбэлздэг талаар хэдийн мэддэг болжээ. Түүний аав нь банкны салбарт ажиллаж, албан тушаал ахиж, чухал хүн болж байгаа нь хүүдээ нөлөөлж, түүний сонирхолыг улам татаж байсан. Зохиолыг унших явцад түр пауз авч, өгөгдсөн тооцоог давхар бодож байлаа. Ингээд ид гялалзсан 20-иод насан дээрээ ажил үйлс нь бүтэмжтэй байж, ашиг орлого авинтай болж нэг л мэдэхэд тансаг орд харш бариулж, дээдсийн хэмжээний үдэшлэг зохион байгуулж байсан залуу маань Чикагогийн түймрээс улбаалаад хөрөнгийн бирж дээр гарсан дайнаас болж хөл алдан, дампууралд хүрч, улмаар шүүх хурлаар залилан, хулгай хийсэн хэргээр яллагдаж, шоронд жил гарангийн хугацаа өнгөрүүлсэн. Түүний авах чанар нь сэтгэлээр унаад байхгүй, ямагт тооцоолон бодож, уулзсан банк санхүү болон улс төрийн хүмүүстэй өөрийн дотоод чанар, бодсон төлөвлөгөөгөө уншуулаад байхгүй, өөрөө түрүүлж хүний цаад санаа бодлыг олж мэдэх, бүх л хүнд нөхцөлд тайван амгалан байдалтай байж, бусдад ч амгалан харагдаж байгаа боловч тархиндаа гялс манас цахилсан гүйлгээ ухаантай, харцаараа тархиараа хүнийг яг таг байдалд оруулдаг тийм л залуугийн дүр байлаа. Шоронд байхдаа ч түүний итгэл тасарсангүй өөрийгөө саятан болсон хүнээр төсөөлж, мөрөөдөж байсан нь хүн итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэйг харуулж байлаа. Шоронгоос гараад хөрөнгийн биржийг судлаж, алтны урсгал хаашаа байна, тэр газар амьдрал үргэлж буцалж, цэцэглэж байдаг гэдэгтэй бодол нэгт залуу маань өөрт таатай мөчийг хүлээн, судалгаа ажиглалт хийж байтал, өөрийн хүсэн хүлээсэн мөч нь ирж бусад банк санхүүгийн байгууллагууд дампуурлаа зарлахад, тухайн үед самбайчилж өөрт байсан хувьцаагаа боломжоороо зарж, илүү хямдхан зүйлүүдийг худалдаж авч санхүүгийн эргэлт хийснээр Фрэнк Каупервуд өөрийн зорилгодоо хүрэх алхам нь эхэлсэн. Хувийн амьдрал, хайр сэтгэлийн тал дээр өөрөөсөө эгчмэд Лилиан гэх бүсгүйгээ 2 хүүхэдтэй болгочихоод салах хүсэлтэй байгаагаа хэлж, өөрөөс дүү цовоо зантай Элиэн гэх залуухан бүсгүйтэй нийлж Филадельфийг орхин, шинэ хувийн амьдрал, шинэ санхүүгээ босгохоор алтны урсгал төвлөрсөн Чикаго руу явсанаар зохиол төгслөө. Санхүү, бизнесийн амьдрал гэж дунд нь юу ч тохиолдож байсан хугаршгүй, нугаршгүй л байх ёстой юм шиг. Манай бизнесчид ч гэсэн хэд хэд шатаж байж, одоогийн энэ амьдралдаа хүрсэн гэж хэлдэгтэй л утга нэг бөлгөө...Асар их сэтгэлийн тэнхээтэй л байх юм шиг ээ.