"Ногоон Нүдэн Лам" Ц. Оюунгэрэл, Жеффри Фолт
Бодит үнэн түүх, олон жилийн нөр их судалгааны үр дүнд бүтээгдсэн энэхүү зохиол маш олон асуулт болоод эргэцүүллийг надад бий болгов. Номын зохиолчид болох Ц. Оюунгэрэл, Жеффри Фолт нар нь эхнэр нөхөр хоёр бөгөөд хамгийн анх Англи хэл дээр Америк улсад хэвлэгдэж байснаас нь үзвэл маш олон хүний магтаал сайшаалыг хүртсэн сайн бүтээл гэдэг нь ил биз ээ.
Миний хувьд Л. Түдэв-н "Оройгүй сүм" зохиолыг уншиж байсан тул энэхүү 2 зохиолын хооронд харьцуулалт их хийж бодож судалж уншсан. Судалж яваад анзаарч харсан зүйл нь юу вэ гэвэл Монголыг Монголоор нь хөнөөлгөж буй аймшигт явдал байсан юм. Манжийн эрхшээлд байсан 19-р зууны үед айл бүр нэг ламтай байх гэх мэт бодлого явуулж Монгол хүн амын өсөлтийг хянаж, цөөлж байсан түүхтэй. Бид өөрсдөө хүсээгүй ч хүчээр лам болж байсан гэсэн үг. Яваандаа өвөг дээдэс минь шашинд дасан зохицож үнэн сэтгэлээсээ бурхны шашныг шүтдэг болсон хэрэг. Ногоон Нүдэн Лам зохиол дээр харин Сталины шаардлагын дагуу Манжийн үеэс улбаатай хүчээр лам болсон ард түмний үндэс угсааг хүйс тэмтрэн устгаж буй нь хэлмэгдүүлэлт буюу их аллага юм. Үүнээс үзвэл бусад орноос хараат, өөр улсын харьяат байх нь биднийг илүү цөөлж бидэнд их гашуудлыг авч ирдгийг энэхүү хэлмэгдсэн хүмүүсийн харамсалтай үхэл баталж байх шиг. Номын эхний нүүрэнд "Юу болсныг мэдэх гэж 60 жил хүлээлээ" гэсэн байдаг нь ч энэхүү харамсмаар үнэнг баталж буй хэрэг мэт.
(Энэ зөвхөн миний бодол, миний харсан өнцөг)
"Баасан лам дуу аялаад явсан шигээ дуугаа аялаад буцаад ирлээ" гэх хэсэг их гоё. Нээрээ л Баасан лам цэргүүдэд баригдаад явахдаа хүнгэнэсэн хоолойгоороо Үүрийн голын хөндийг царгитал эцсээ хүртэл дуулж байсан бол буцан ирэхдээ Арханы хөндийг уулын цаанаас доргиулан байж Сэндмаагийнхаа санасан сэтгэлийг дэвтээн байж дуулсаар ирдэг. Бурхны хөрөг, Улаанбаатарын төв талбай, Маршал Чойбалсан гээд бүх л зүйлийг нүдэнд харагдтал бичсэн нь зохиолчийн чадвар мэдрэмж ямар гайхалтайг харуулах аятай.
Энэхүү номыг уншихаас өмнө Маршал Чойбалсан гэх хүний талаарх миний бодол их л сөрөг байсан сан. Харин зохиолд Оросоос Гандан болоод Богд хааны өвлийн ордонг нураах тушаал ирэхэд Х. Чойбалсан гуай эвтэйхэн аргалаад нураалгүй авч үлддэг. Тэгээд өөртөө "Энэ зөвлөлтүүд өөрсдөө Кремлийн ордон, Василигийн сүмээ нурааж чадахгүй байж." гэж хэлдэг. Хэдийгээр олон хүний амийг авч одсон аймшигтай хүн шиг байвч Монгол хүн л болсон хойно эх орон, төрсөн нутаг, ард түмэн, төрт улсаа дээдлэж байдгыг зохиолын хэд хэдэн хэсгээс унших боломжтой байсан.
Дараагийн нэг онцолж харсан хүн минь Билгүүн ном Б. Ренчин болоод ламхай Агваан. Агваан, Б. Ренчин 2 шоронгийн өрөөнд шийтгэгдэж сууж байгаад танилцдаг. Б. Ренчин гуай ихэд омголон мэдлэгтэй хүн агаад "Оросоос Монгол руу над шиг сайн орчуулга хийдэг хүн үгүй болохоор намайг эд нар алж чадахгүй байгаа юм" гэж хэлдэг. Түүнийг амьд мэнд байлгаж буй ганц зүйл нь түүний уншиж судалсан их мэдлэг байсан юм даа. Өөрийгөө хамгаалах, өөрийгөө авч явах хэмжээний мэдлэгтэй байхад хүн хаана ч газардахгүй амьдарч чаддаг гэдгийг энэхүү 2 хүн тодхон харуулж өгсөндөө. (Мөн Баасан ламын уран зураг, мужааны эв дүй түүнийг үхлээс, шоронгийн хэцүү амьдралаас салгадаг.) Хэдий албан тушаал байлаа ч хоосон толгойтой л бол мэдлэгтэй нэгний өмнө бөхийх нь үнэн биз ээ.
Мэдэхгүй гэхийн оронд "Би мэднэ" гээд нүүр бардам зогсох нь миний хувьд мөн ч их сэтгэлийн бахдал, ханамж гэдгийг би мэдэж авсан.
Тоочоод барамгүй мөлжүүртэй сайхан зохиол байна лээ. Нэг уншсан байхад харамсахааргүй. "Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв." хэмээх Хорлоогийн Чойбалсангийн үгээр сэтгэгдлээ өндөрлөе.