tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadJune 25, 2019"Хэмээсэн энэ уяралт домгоор чехийн алдарт эх оронч их зохиолч Йираасекын Алоис <<Эртний чех домог>> гэдэг нэрт зохиолын эхний хэсгийг төгсгөв. Дэд дэвтэр болгож, төгсгөлийн домгий нь жаран нэгнийхээ хөхөгчин могой жил ороход орчуулан барж чех хэлээр нэгэн дэвтэр байдаг энэ зохиолын нэгэн хэвлэлд чехийн утга зохиолын судлалтан Шинжлэн ухааны Академийн нь ерөнхийлөгч бүлгээ Неедлы Зденек агсны хавсарган бичсэн төгсгөлийн үгийг монголчилж гаргая. Зав муутайн учраас, энэ сайхан зохиолыг орчуулахдаа ахиж эргэн шүүх цаг олдож өгсөнгүй. Насны жаран хэлбийж, монгол хэл бичгийн судлалын хувьд хийх зүйл өдий төдий. Түүнийгээ барьж бичих насны хэмжээ гүйцэмгүй цагийн хясаанд хавчигдсанаас сайхан зохиол орчуулах санаа байвч, цаг зав олдохгүй, амсхийх цагаа хасаж орчуулснаа нягтлан үзэх аргагүй болсон учраа гаргаж дахин хүлцэл өчье. Ардын төрийн ачаар хэдэн хэл сурсныхаа ачийг ард түмэндээ номоор хариулъя гэж ингэж чадан ядан орчуулаад, энэ төрийн эхээр дэлхийн утга зохиолын сангаас монгол уншигч нартаа зориулан орчуулга хийж байсан хэдхэн орчуулагчийн нэг нь болсон өтгөс миний бие, одоо насан залуу, авьяас төгөлдөр хойч үедээ халаагаа өгч, өвгөн буурад орчуулагч нараасаа улам ч сайхан, улам ч их орчуулга хийж, урьд гарсан чихнээс хойно гарсан эвэр гэж, бидний алдсан оносон зүйлээс алдсаныг гээж, оносныг улам бадруулж, монгол зохиолдоо дэлхийн их зохиолын сангаас бидний үеийнхээс зүйрлэшгүй ихээр орчуулах бизээ гэж итгэн баярлана.Дэлхийн их уран зохиолоос залуу үеийн эх оронч эрдэмт орчуулагчийн зүтгэлээр монгол зохиолын далайд мөрөн гол мэт цутган орох болтугай! гэж өтгөс дуун хөрвүүлэгч Ринчен ерөөл дэвшүүлэв" (228)"Уншигч олон авгай нараа! Энэ зүйл зохиомол боловч, монгоол хэлнийхээ зүй ёс боддоггүй, болхи орчуулгын албаны үхээнц үгээр зохиож, тэр тэрний хэлэх үг гэж, үг хэлэх хүнийг төлөөлдөг ёс нь энүүнээс их ялгаатай гэж үү дээ? Зөвлөлтийн "Крокодиль" сэтгүүл тэр жил, ийм зуршлыг шоолж бичсэн билээ. манайд ч гэсэн олны хурал цуглаанд үг хэлдэг хүнийг, албаны заваан үгтэй зохиомол үг уншигч болгодгийг бодоход, үг хэлэгч биш, хүн хорхой шиг болгодог зуршлыг сайн хэлэх үг надад л олдсонгүй. Хүн хүндээ итгэж, хүн хүний үнэн сэтгэлийн үгийг өөрөөр нь хэлүүлж байвал юутай сайхан бэ. Монгол ардынхаа баялаг хэлийг үхээнц орчуулгын модон хэл болгож эвддэгийг зогсох цаг даанч болсон даа!" (263)"манай нийслэлийн утасны дугаар хэдэн түм хальж гэж бодоход өчнөөн төчнөөн олон хүн, яг ажлын ид цагаар (эдгээр) утсаар байцаадаг "хэнбээчингууд"-ын хар уршгаар өдөр тутам, нийслэлийн хэмжээгээр хичнээн цагаа гарздаж, бодож боловсруулж байсан юмаа өдөрт хичнээн удаа таслуулж байгааг санахад, орчин үеийн боловсон харилцааг хэрэглэж чадахгүй хоцрогдонги хүн нийт олонд юутай чирэгдэлтэй байгааг үүгээр бодоход илэрхий байна. Эдгээр "хэмбээчингүүд"-ийн зарим нэг нь эргэдэг хүрдтэй утас хэрэглэж үзээгүйн учраас залгах гэсэн айл буюу албан газрын дугаарыг тааруулан эргүүлж чадаггүй учраас хамаагүй залгачихаад өнөөх дугаар нь таараагүйгээ дотроо мэдэх тул "хэнбээчилж" цус, нөж, харла гэж уулгамчилдаг байна.Нэг хэсэг "хэнбээчингүүд" утсаар ярихад урдаар хэн бэ? хаанаас ярьж байна? гэж асуудаг ёстой юм гэж харилцах журам үл мэдэх гэнэн сэтгэлийн үүднээс, ер тэгж л нэр усы нь асууж байж, шалгаж шахаж байж хэрэгтэй газраа залгасан эссэнээ мэддэг юм гэж боддог байна.Утсаар үүсгэн ярьж байгаа хүн бол, цаад залгуулсан газар нь харилцуураа авсан шинж мэдэгдмэгц "Энэ тийм газар уу?" гэж лавлан асуудаг юм. Айлд залгасан бол"Энэ тэдний утас мөн үү?" гэж асуудаг юм шүү. Цаад залгуулсан утас нь албан утас байвал "тийм газар байна" гэж товчхон мэдэгддэг учиртайг уншигч авгай минь, манай нийслэлийн "хэнбээчингүүд"-ийн сонорт хүргэх арга байна уу. 1967." (286)"Эрхэм уншигчид аа! Хөдөө нутгаар явж байгаад, айлын гадаа ирэнгүүт,- Нохой хорь оо! гэдэг ёс бий. Тэгвэл, гэрийн дотроос хүн гарч ирээд, нохойгоо хорьж, гийчнийг гэртээ оруулдаг ёс бий.Хотын орон сууцны хаалга нь өөрөө түгждэг оньс цоожтой тул, гаднаас орох гэвэл, хацавчиндаа цахилгаан хонхтой айлд бол, хонхны товч дарж, хүн ирсний мэдээ өгдөг, нэг бол, хаалгын тогшдог ёс бий.Хэрэв, хөдөө нутагт айлын гадаа ирээд,- Хэмбээ, хэмбээ? гэж бархирвал, гэрийн улс,- Юү гээч нь ирэв ээ? Согтуу юм уу, галзуу юм уу? гэж гайхах байх.Хотын орон сууцны айлд хаалгын гаднаас хүн тогшиж,- Хэмбээ? хэмбээ? гэж бархирвал, тэр айлын хүн, аягүйдвэл хаалгаа нээж өгөхгүй гайхахдаа,- Та хэн бэ? гэж асуух бий. Тэгэхэд нь өөдөөс нь хаалгын гаднаас- Хаанаас ярьж байна вэ? гэж хашгичвал, хаалга нээх байтугай, давхар түгжээс байдаг бол батлан түгжээд,- Манай хаалган дээр согтуу юм уу, солиотой юм уу? Хэмбээдээд барахгүй хаанаас ярьж байна гэж, лав эрүүл ухаантай хүн биш байх. Хүүхээд, хаалгаа битгий нээж өг. Тэгэсгээд, хэмбээдэж хэмбээдэж тонилох байлгүй. Битгий өөдөөс нь юм дуугар гэж настангууд, багацуулдаа болгоомжлон захих байх.Тэгтэл, утастай албан газар буюу айлд өдөртөө өчнөө төчнөө удаа хэмбээчингүүд залгаж, утасны харилцуур авбал, утас хангинан дохио өгөхгүй болж, цаана нь хүн утсаа авсан мэдээ дохио бэлхэн өгөөд байгааг огт ухаарахгүй,- Байна уу, байна уу? гэж хашгичаад,- Байна! гэж гайхан хариулахад,- Хэн бэ? Хаанаас ярьж байна? гэж огт яриагүй хүнийг байцааж гардаг хэмбээчингүүд, доод хэмжээгээр долоо найм, дээд хэмжээгээр бол, өдөрт арав хорь хэмбээчилж, ажил хийж, юм бичиж байгаа хүнд садаа болж байцгаадаг нь нэг бодоход инээдэмтэй, нэг бодоход, утсаар харилцаж чаддаггүй муугаа үзүүлж, муухайгаа дуудуулж байдаг нь хөөрхийлөлтэй бөгөөд, хотод маань утсан харилцаатай болсоор жаран илүү жил болсон атал, утсаар ярьж чаддаггүй борцуулын боловсрох нь өдий байна даа гэдэг сэтгэгдэл төрүүлэх ажээ.Дээр цагт, утасны харилцуурын ажиллагааг шалгах гэж "мончоорго" гэж хотын борцуулын нэрлэдэг бөгөөд монголоор бол, "угсруулагч" гэсэн нэр бүхүй цахилгаан харилцааг угсруулан тавигч нар, харилцуураа аваад, утсаа эргэдэж залгасан нь дуулдаж байгаа үгүй шалгаж, харилцууртаа гурвын зэрэг үлээж, чихэндээ наалдуулан шалгадгийг учир мэдэхгүй хүн, утсаар ярьвал заавал уухилж аахилж, пүү, пүү, пүү! гэдэг ёстой юм шиг сонсогчийн өөдөөс харилцууртаа шүлсээ тургин үлээдэг байснаа одоо хотод уухилан үлээж, аахилан тургиачингууд өдрийн од мэт ховор болж, аймаг суманд хааяа нэг тургин уухилж магадгүй.Ингэж уухилж үлээдгээ зогсоож болсон юм, хэмбээчилж байцаадгаа бас гээж, боловсон байдалд нэг алхам давшиж болно байгаа даа, даан чиг, та минь ээ? Эрхэм уншигч авгай нар бүгдээрээ жигшвэл, хэмбээчингүүд ч бас, зүгээр байгаа хүнийг өдөртөө өдий төдий дахин, - хаанаас ярьж байна? гэж загнахаа байна байгаа даа? Жар гаруй жил хэмбээчлэх гэж юу гэсэн үг вэ? Сурсан юм сураар татуулдаггүй гэдэг боловч, боловсон ёсыг бодох цаг даанч болсон байгаа? 1972.II.10" (296)"Хөрш бөгөөд хөгжилт улсын үг хэлнээс ганц нэгий нь ч гэсэн одоо цагийн боловсролгүй хүнд хэрэгтэй юм даа гэж бодоод ажвал тогтоосон "шинэ" үгийн тоогоор эх хэлний үг хасагдаж боловсрол нэмэгдсэн юмны шинж алга, дүндээ дүн, бодоод бодоод бодын шийр дөрөв л хэвээрээ ажээ." (305)"Опцоонк оо гуйя! гэж "соёлжилтын шат ахилтын өндөр байдалтайгаа үзүүлэн гайхуулж байхад нь, надаас ах мөртөө надаас дүү болчихсон түүний өтөлсөн царайгий нь харахад өрөвдмөөр, бор царайтай хөдөөний хөөрхөн авгайн уран гараар аятайхан эсгэж сайхан оёж өгсөн дээл нь биед нь хичнээн сайхан зохьсон нүдэнд дулаахан харагддаг билээ. Одоо өргөн хэрэгцээнд зориулан оёсон артелийн тааруухан хийцтэй, хэмжээ нь хэтрээд, ханцуй нь уртдаж, дал мөр нь хачин эвгүй харагдаж байгаа барагхайтан костюмаа биендээ тааран тохироогүйгээ мэдэхгүй маш "соёлтой" хүн гэж сууж байгаагий нь хараад өрөвдмөөр санагдлаа. Насныхаа залууд эрдэм сурахыг бодолгүй, талын зэргэлээ шиг хоосон юмны хойноос хөөцөлдөөд цаг насаа алдаж бүр сүүлдээ ардынхаа сайхан хэлнээс тасарч тэрнийгээ тэх мөртөө хирдээ их "соёлжоо" гэж бодож байгаагий нь хараад, за гэдгээ зааг гэж "над таалагдаж байна" гэх зэргийн хачин эвгүй үг хэлтэй болсноо мэдэх боловсролгүй бэртээчингүүдийн дансанд орчихсон түүнийг хараад зарим дутуу дулим боловсролтон бас хотын борчууд дунд үзэгддэг нь эвдрээгүй сайхан хэлтэй ардынхаа хэлийг боловсрол муутай учир "хоцрогдмол" гэж тоомсорлодоггүйгий нь санаад эрдэм авьяас хослосон өнөөгийн залуучуудыг хараад монгол ардынхаа цэцэн үгэнд "нөхрөө харж явдлаа зас, сүүдрээ харж биеэ зас!" гэсэн мэргэн сургаалыг ухамсарлах болов уу? Жорлон, гуанз тойрсон хэдхэн үгтэнгүүд жоогуан тэр хэлээрээ сэтгэж, "сүүдрээ хараад биеэ зас" гэдгийг сүүдрээ харчихаад жорлонд гэж ухаарах ч байж магадгүй дээ гэж, ардын хурдан хөгжлийн гүйдлийг гүйцэж чадаагүй хоцорч, хоцорсноо харин "соёлжилт" гэж дээр эртний латин хэлний "культура" гэсэн үгийн утгыг боловсрол гэсэн утгаар энэ тухайд хэлснийг мэдэлгүй орчуулснаар нь улам ч төөрөгдөн буйг бодоход гунихармаар санагдаж, цөөн нэгэн хэсэг хоцрогдмол этгээдийн дутуу дулим орчуулга, хахсан дээр нь бүр нидэрчихдэг юм байна гэж бодлоо. Тэгээд би тэр хүний дайллаганд баярлах нь байтугай нөхрийн төлөө нүүр улайж салахын түүс болоод, зааг, асуулт үндсэндээ шийдвэрлэгдэв шүү дээ гэж өөрий нь хэлдгээр хэлээд гарч одсон билээ.1969.XII.24" (306)"Монголын нууц товчоо, Ордос эзэн хорооны Хар Цагаан Сүлдийн өчиг тахилгын бичиг судар үзвэл, Чингисийн дээдсийн сүлдэнд Хар Цагаан гэдэг хоёр зүйл байсан нь тодорхой байна.Цагаан сүлдийг найман хөлт, зарим сударт есөн хөлт гэж, Хар сүлдийг дөрвөн хөлт гэдэг ёстой тайлбар нь, Цагаан Сүлд - улс олондоо өлзийн буян, энх жаргал заяагч сүлд, Хар сүлд бол догшин бөгөөд дайсныг ялан дарагч дайн байлдааны учиртай цэргийн талын сүлд болно.Дөрвөн хөлт гэдэг нь, их цэргийг төрийн эзэн удирдан мордвол, Гол Хар Сүлд залж, их цэргээс салбарлан явах цэргийн жанжны дөрвөн бага хар сүлд нь Гол Хар Сүлдийн дөрвөн зүгийн хөл болдог байжээ. Чингээд, Их цэргээс салбарлан явах цэргийн жанжин хар сүлд зоож, тэр бага ангийг салбарлан мордуулах хэрэг гарвал, түүний бага хар сүлд нь Их Хар Сүлдийн нэгэн дамжлага хөл нь болж, буудалд дөрвөн зүгтээ бас бага ангийн дөрвөн хөл болох дөрвөн хар сүлд хэрэглэх зэргээр салбар сүлд бүр нь дор дороо дөрвөн хөлтэй байдаг байсан байна. Төрийн сүлд түмэн нүдтэй гэдэг учир нь тэр бөгөөд, салбар олон сүлдийн гол гол сүлдээр нь дамжсаар Их Хар Сүлдийн сүр хүчин дамждаг гэж үздэг эртний ёс байсан нь, Цагаан сүлдэнд мөн нэгэн адил байдалтай ажээ. Чингээд Гол Их Сүлдийн салбар гол сүлдээр тухайн Хар буюу Цагаан сүлд нь холбоотой гэж үздэг эртний монголын нэгэн ёс байсан байна. Энэ ёс, эртний монголын ертөнцийг үзэх ёсон лугаа холбоотойг өвс мод үндсээр холбоотой, нуур далай, мөрөн гол үүлээр холбоотой гэдэгт бас тодрон үзэгдэж байгаа сэтгэхүүн болно." (324-25)"монголын "уртын дуу" гэдэг нэгэн зүйл эрхэмсэг дууныг гол төлөв бичгийн хүн зохион найруулаад, аяы нь хүртэл өөрсдөө бас зохиолцдог сонин уламжлал монголчуудын дунд эртнээс нааш үргэлжлэн ирсэн билээ. Тэрхүү "уртын дуу" гэдэг нэр нь, дууны урт богиныг заасан нэр бус, урт уудмаас үргэлжлэн ирсэн гэж цаг түүхийн үүднээс урт гэсэн гүн-ухаан, яруу найргийн утгатай дууны зүйл билээ." (327)"Монголоороо зохиол хийх сэхээтэн эрдэмтэн хүн, монгол бичгийнхээ хэлийг шинжлэх ухааны үүднээс ухааран хэрэглэх ёстой. Манай бага, дунд, дээд сургууль тэр тухайд орос, ээсти зэргийн орчин үеийн боловсон улсын адил хэмжээнд хүрээгүйг авьяастан манай залуус та бүхэн ухаарч, эх хэлэндээ эзэн болох үүрэгтэй хувьтай байгаагаа бодож явагтун." (334)