Хүний хэрэглээг давсан хадгаламж байхгүй тул эхлээд хадгалаад, хадгалсныгаа мартаад, үлдсэнээр нь амьдрах замаар хадгалах дадлыг бүтээх тухай бичжээ.
Эрсдэлгүй амьдралыг бүтээх зорилгот хадгаламж нь хүний хэрэглээ, амьдралын хэв маяг, зан төлөвт хэрхэн эерэгээр нөлөөлж, хүнийг хүмүүжүүлдгийг өөрийн амьдралын бодит жишээ дээр тайлбарласан нь хадгалах урам зориг өгнө.
Хүүрнэгч 6 дансны хэрэглээ сурталчилж, номоо “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ” гэж нэрлэсэн ч “хадгалах” үйл гүн агуулгатай учир номын баялаг агуулгатай болсон санагдсан. Тэрээр, Хадгаламж бол бидний хязгаарлагдмал санхүүгийн боломж дээр зөв шийдвэр гаргаж, зохицуулалт хийж сургадаг. Хадгаламжийн дүнгийн ард маш том хүмүүжил, санхүүгийн боловсрол, тэсвэр, хатуужил, зан төлөвшил явагддаг гэж оновчтой дүгнэсэн.
Хадгалах нь мөнгөтэй байх, эсхүл эд, хогшил авахын төлөө цуглуулах бус харин мөнгө олж чадахгүй болох, өтлөх, өвдөх зэрэг гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байхын бэлтгэл, ухаан ажээ. Гэтэл, бидний олонх хэрэглэж байгаа эд, хэрэглэлээрээ амьдралын чанараа хэмждэг хэрэглээний амьдралтай учраас амьдарчхаад хадгалах сонголтыг хийдэг байна. Амьдарчихаад, хүссэн бүхнээ авчихаад, эсхүл өрөө дарчихаад хадгална гэж байхгүй тул худалдан авалт бүртээ Яг энэ зүйл үнэхээр хэрэгтэй юу? Юугаар орлуулж болох вэ? Энэ байхгүй байснаар хүнд байдалд орох уу? Өвдөх үү? Үхэх үү? гэсэн асуулт дээр төвлөрөөд шунал, шохоорхлоо дарж сурах чухал байна.
Хүмүүсийн хадгаламжгүй байдаг шалтгааныг хадгалж эхлээгүй байж банкны хүү, хугацаа, төлбөрийн чадварт санаа тавих, өөрийгөө үрэлгэн гэж дүгнэх, орж ирээгүй орлогыг урьдчилан үрэх, хямдрал боломжийг ашиглах гэж оролдох, хэрэгцээгээ хангаж дуусаад хадгалах зэргээр хадгалах боломжгүй гэх зүгт бүх анхаарлаа хандуулдаг гэж тодорхойлсон байдаг.
Мэдээж, худалдан авалт бүртээ дээрх асуултад хариулах яршигтай, дарамттай санагдах ч хадгалаагүйн улмаас хичнээ дарамт, стресст орж, бүтээмжээ бууруулдгаа бид анзаардаггүй байна. Өртэй, гэнэтийн нөхцөлд бэлэн бус хүн юу бүтээж чадахаа бус яаж мөнгө олох вэ л гэж боддог гэж үнэн. Тиймээс, элдэв дарамтаас чөлөөлж, боловсрох, шинийг сурах, төвлөрөх орон зайг олгох минимализм шинэ цаг үед моданд оржээ.
Хүн орлогоо зөвхөн нэг дансанд байршуулахаар хянаж чадахгүй болчихдог учир олон дансанд хуваан байршуулж, данс бүрийн зарлагын зориулалтыг тодорхойлж, урт хугацааны үүрэг хариуцлагатай болгох нь ирээдүйдээ бэлдэх шалгарсан арга болсон байна. Гэхдээ, 6 дансны арга нь олон данс заавал ашиглах агуулгагүй, өөрийн амьдралын хэв маяг, ажил эрхлэлтийн онцлог, ирээдүйн төлөвлөгөө зэрэг бүхий л харилцааг тодорхойлох бүтэц гэдгийг ойлгож өөрт тохирсон бүтцийг бүтээх аргачлал байна.
Ийнхүү, зардал, хэрэглээгээ хэрхэн ухаалгаарр зохицуулах, хэрхэн зохистойгоор хэмнэх, цаг хугацааг үр бүтээлтэй, алхам тутамд зорилготой хөдөлмөрлөж өнгөрүүлэх талаар өөртөө зөв хэвшлийг бий болгож, хайртай хүмүүсийнхээ өмнө хариуцлага алдахгүйн амьдрах аргыг дэлгэрүүлж уншаарай.