tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadApril 5, 2020‘Европ зүгийн германы Неандерталын хөндийн балрын хүн, Дундад улсын Бээжингийн хүн гэж хүн судлалтан эрдэмтэн, мөн эртний судлалын эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хүний зэрэгцээгээр, мөн тэр л хавилцаа үед нь, манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний өндөр өвгө, чулуун зэвсгээ барин, аж төрж амь зууж явсны баримтыг Зөвлөлтийн эртний судлалч эрдэмтэн олж, Зайсан толгойн зүүн урд хормойд нь хүртэл чулуун зэвсгийн хүний орогнож байсан газар, чулуугаар үйлдвэрлэж байсан зэвсгий нь олсон’ (2-3)‘Авынхаа байгаад хүн таньж газрын холыг үзэж явах нь сайхан шүү. [...] Араатан дайсан байгаа цагт хар санаа минд тустай боловч дотор сайтай, хүн сайтай байх нь тун чухал юм шүү’ (48)‘Дарж авбал зохих юмыг дарахгүй, унаад, хаашаа ч зайлахгүй юм дээр овооролдон муугий нь үзэж, муухайгий нь дуудсаар нөгөө юманд чадуулж орхидог шүү!’ (62)‘Могойг нарийн, дайсныг буурай гэж голж болдоггүй юм шүү[.] Эрийн цаана эр байдаг гэж бодож болгоомжтой яваарай. ’ (82)‘Өрх гэж одоо бид өдөр гурвалжин, шөнө дөрвөлжин гэж оньсгонд хэлэлцдэг бөгөөд эсгий гэрийн тооно бөглөх дөрвөлжих эсгийг нэрлэдэг нь хожим хойнын утга. Айл өрх, ам өрх гэдэг хоршоо үгэнд харин хуучин утгын санаа бий бөгөөд газрын өрх гэж хэлэлцдэг мөн эртний утга нь бий. Монгол бичгээр өрх гэдгийг эрүкэ гэж бичдэг бөгөөд одоо бид чингэж бичсэнийг эрүкэ гэж бичсэн үг хэмээн одооны аялгуугаар монгол үсгийн бичилгийг дууддаг болсон нь, аман аялгуунд өрх (өрхө) хэмээмүү. Уг гарлы нь шинжилбэл, эрү-гэсэн язгуур үг нь малт-гэсэн утгатай бөгөөд-кэ (хэ) гэдэг дагавар нь юм гэсэн утгатай тул, өрх гэж, уул нь малтмал юм, малтсан нүх гэсэн утгатай үг байж эрт балар цагийн хүн, оршин суух сууцаа анх газар нүх малтаж суудаг байсны нь заажээ. Ингэхдээ нүх малтаад, багана дээр тооно шиг юм босгож, сургааг нь унь тавиад, дээрээс нь модны долон холтос, үйсээр хучиж, түүний дээрээс шороо ширэг дэсвэж, тооноор нь доошоо хүн орох гишгүүр цавчдас гаргасан мод налуулан тавиад, дор нь голд нь түлсэн галын утаа нь хүн орж гардаг нүхээр гардаг тийм малтмал орон сууц байсныг малтмал юм гэж өрх хэмээн нэрлэдэг байжээ. Чингээд, нэг тийм өрх гэж дотор суугсдыг нэг өрх гэж нэрлэн хожим айлын тоог ч өрхийн тоо гэж нэрлэдэг болж ирээд, хожим, ангаар амьдрах байдлаас мал аж ахуйтай болох үеэс манай дээдэс нүхэн өрхөөс гарч гэртэй болжээ. Гэртэй болохдоо үүд хаалгатай болжээ. Чингэхэд өрх гэдэг малтмал орон сууц нь газар дээр босгох орон сууц болж ирсэн учир, утаа гарах нүх, хүн гарах нүх аяндаа тусгаар болсон авч, үүд өрх гэдэг хоршоо үгэнд эрт цагт орон гэрийн орох гарах үүд нь малтмал нүх байсны дурсгал хоцорчээ.’ (123)‘Балар эртний хүн үхэгсдийг оршуулахдаа, амьд ахуй үеэс хэрэглэж байсан орон сууцны үлгэрээр нүхэн сууц ухаж, идэх, уух, юм эдлэх сав сааль, зэр зэвсгий нь тавилцан оршуулдаг учир эртний хүний оршил газрын байдлаар амьдрах үеийн орон сууцыг гадарлан мэдэж болно./Балрын хүн юм бүхэн сүнстэй гэж боддог уир үхэгсдийг дагалдуулан тавих зүйлийг бас дор бүрнээ сүнс буй гэж үзэх учир, сав, зэмсэг, хувцас хунары нь хүртэл сэв шарх оруулж “алан”, сүнсий нь эзнээ дагаж үйлчлэг гэж үздэг байжээ./Тэр эртний үзлийн үлдэц нь олон улсын ёс заншилд одоо ч бий агаад, гагцхүү учир утгы нь мартаж, ёс хэмээн баримтлах зүйл цөөнгүй. Жишээ нь бөөгийн шүтлэгт монголчууд хожим шарын шашинд орсон хойно, шарын шашны бурхны хөрөг дүрсийг он удаж элэгдэн тамтрахад хүрвэл, даруй уул хаданд зайлуулан тавьдаг байсан нь, тахиж байсан бурхныхаа хөргийг эвдэрч тамтрахад, үхэж одлоо. Бурхан биш буг болох нь гэж дээр цагт эртний бөөгийн үзлийн үүднээс үзэж байсан ёсоор, хөрөг нь сэвтсэн бурхнаа уул хаданд аваачин “оршуулдаг” байжээ./Бас хүнд цай хийж өгөхдөө, хагархай аяганд хүртэл цай, хоол хийж өгдөггүй нь одоо бол зочин гийчин зэрэг хүнийг хүндэтгэн үзэхийн эелдэг найрсаг ёс боловч, эрт балар цагт бол, амьд хүнд хоол, унд хийж өгөхдөө, эвдэрч тамтарч, “шарх олж” үхсэн саванд хийж өгөх нь аягүй гэж үздэг ёсноос үндэслэн гарсан ажам.’ (124-5)‘орос хэлнээ археология гэдэг ухааны нэр нь грек хэлний архео-буюу эртний логия гэж судлал гэсэн үгээр монгол, утга нь дэлхий нийтийн байдалтайгаар хэрэглэхэд эртний судлал болно’ (125)‘Эртний хүний аж төрөхөд гал нь хоолы нь болгож, биеий нь дулаацуулж, өрх гэрий нь гийгүүлж, араатнаас амий нь хамгаалах зэргээр маш их ач тустай байсан учир, галыг нэн эрхэмлэдгийн уламжлал нь монголчуудын гал голомтоо тахидаг эртний бөөгийн үзлийн үүднээс галыг амьтан гэж үзэж байсны ор үлдэц нь галыг “асаж байна, ноцож байна” гэж хэлдэг хэллэгэнд үлджээ. Чингэхэд бид одоо гал асаж байна, гал ноцож байна гэж хэлэхдээ эртний тэр утгаар нь бодохгүй болжээ. Орос хэлнээ гал асаж байгаа гэдгийг огонь горит гэж хэлэхдээ бидний одоо гал асаж, ноцож байна гэж хэлдгийн нэгэн адил, эртний утгы нь мөн бодохгүй ажим. Чингэтэл, горит гэдэг нь халаад байна, цоргиж, түлж байна гэсэн утгатай үг бөгөөд халуун, халхай, халцгай гэсэн язгуур үгнээс гарсан горьчий, горячо гэдэгтэй гарал язгуур нэгтэй нь, эртний оросын дээдэс галыг хайрдаг, халаадаг гэдэг шинжээр нь, манай дээдэс, мод түлээ шатах гал авалцах юманд гал “асаж ноцон ноолж” байгаа үзэгдсэн шинжээр нь асаж байна, ноцож байна хэмээн нэрлэсэн байнам.’ (126)‘Хор гэж сум, харвал гэсэн утгатай үг авсан учир, одооны монгол омогтон дотор Хорчин гэж нэртэй аймаг бий нь Харвалчин гэсэн утгатай нэр ажээ.’ (127)‘Чархи гэж түрэг, монгол нийтийн үг. Оросоор кожаный лапоть гэж орчуулдаг. Нэгэн зурвас нойтон шир, хөлийн улын хэмжээнд тааруулж аваад, нарийн сураар хумин, хөлдөө шаахай шиг болгон тааруулж, сурын хоёр үзүүрийг борви булчин өөдөө зөрүүлэн ороож уядаг юм./Гөрөөчин улсын өмсдөг гутал байжээ. Америкийн индианы өмсдөг нэгэн зүйл гутлыг орос европ хэлнээ мокассин гэдэг нь даруй монголоор энэ чархи гэдэг нэртэй дүйнэ.’ (127)‘Бай кул гэж Байгал нуурын нэр. Эртний түрэг аймгийн хүн Баян нуур нэр өгсөн ажээ. Манай Хөвсгөл ч бас эртний түрэг нэр бөгөөд Кексукул буюу монголчилбол, Хөр уст нуур гэсэн үг байжээ./Арван наймдугаар зууны монгол албан бичигт Хөсүгүл гэж байдаг нь, орос жуулчин тэр үеийн монголчуудын аман аялгуунаас сонсож Косогол гэж тэмдэглэсэн нь олон улсын газар зүйн зурагт орсон билээ. Хожим Хөсүгүл гэдэг нэр сунжирч, албан бичигт Хөвсгөл болж ирсэн билээ.’ (127)‘Ойн хүн гэж балар цагт хөвч их ойд амьдардаг нэгэн хэсэг аймаг байжээ. Ойн аймгийн хүн хожим бугын зүйлээс ца гэж цагаан өнгөтэйгөөр нь нэрлэсэн буга, бас оро гэдэг нэгэн зүйл буга гаршуулж, унаа мал болгосон нь одоо цаатан, оротон гэдэг түрэг, хамниган аймгийн хүн бий. Монголчууд, талын хүн асан учир, ой хөвч, хад уулын гөрөөчин хүнийг хадын хамниган, ойн ортон гэж нэрлэдэг байжээ.’ (127)‘орос хэлнээ грек нэрээр антроплог гэдэг нь антропо-гэж хүн, лог гэж судлалтан гэсэн утгатай үг болох тул, нийтийн утгатай бөгөөд эх хэлнийхээ үгээр нэрлэвэл, хүн судлалтан гэвэл эвтэй юм’ (128)‘Англиар Нангиадыг Чайна, Германаар Хина, Францаар Шинэ гэдэг нь Цин улс гэдгийг Цин гэдгийг латинаар бичсэн ц үсгийн ч, х, ш зэргээр дууддаг уламжлалын үүднээс нэгэн нэр олон дуудлагатай болж ирсэн байна.’ (129)‘Үхэр гөрөөс гэж эртний зэрлэг үхэр монгол бичгийн сонгодог хэлнээ гөрөөс гэж аливаа зэрлэг ан амьтныг нэрлэдэг учир, зэрлэг хүнийг хүн гөрөөс, зэрлэг үхрийг үхэр гөрөөс, зэрлэг тэмээг тэмээн гөрөөс гэж зэргээр нэрлэдэг бөгөөд энэхүү зэрлэг гэсэн утгаар барыг ч мөн гөрөөс хэмээмой.’ (129)‘Ховос гэж монгол бичгийн сонгодог хэлнээ хобусун гэж судар бичигт гардаг үг. Хогусун гэдэг үг энэ хобусун гэдгийн б нь г болж, хогусун гэдэг нь хожим хоосон гэдэг үг болж хоосон сан, хөндий хоосон гэх мэтэд хэрэглэдэг болсон аваас, ховусун гэдэг нь аман хэлэнд ховос болоод, уг утга нь хоосон гэсэн тул, үнэндээ байдаггүй, хий хоосон санааны юм, бодьгүй биегүй хоосон юм гэсэн утгаар хүний оюун сэтгэлийн нэгэн зүйл чадлыг нэрлэх нэр болжээ. Тэр чадлыг европ нар, грек хэлээр хипнос, гипноз гэж нэрлэдэг нь уг грекээр даруй нойр гэсэн үг. Монголоор ховос гэж нэрлэсэн нь, зүүд, нойр биш боловч, хоосон юм гэж утга учры нь сүрхий гаргасан, тун ч гүн учиртай нэр тул, хүний сэтгэлийн тэр чадлыг монголчууд эрт дээр цагаас танин мэдэж, гадаадаас нэр зээлдэж, бусад аймгаас сурч авсан зүйл биш гэдгийг энэ ховос гэдэг нэр үзүүлж байгаа нь, монголын соёлын түүх судлах хүнд сонин юм байгаа юм.’ (129-30)‘Илир балар цагт эртний хүмүүс хэрэн амь зуух үед, өтгөс, өвчтөн мэт хүнийг өөр газар отгоороо ан даган одохдоо, отог буудал дээрээ хоцоргон үлдээдэг тул “хоцорсон” хүн, даруй үхсэнтэй адил тул үхэх гэдгийг “хоцрох” гэж зайлуулан хэлдэг ёс гаргасан ажээ.’ (142)‘Цувж явсан бараас цуглаж явдаг шаазгай дээр гэдэг нь энэ дээ гэж хүүдээ [Шонхолой] нөхрийн тусыг бүтээж явахыг үргэлж сануулан хэлж нэг хүний давахгүй юмыг бүгдээрээ санаа хүч нийлбэл давдаг юм гэж ярьдаг байжээ.’ (189-90)‘Ганц хүн гал болдоггүйв шүү/Ганц цучил, гал болдоггүйв шүү!/Эцгийн олон та нар хэзээд/Эвдрэшгүй эв нэгтэй явагтун/Эхийн олон та нар эгнэгт/Элэг нэг��эй явагтун!/Дугтарвал хүч нэгтэй/Дуугарвал санаа нэгтэй/Хар амиа бодолгүй/Хамаг олноо бодохтуй!/Отог омогтоо эвтэй бол/Огторгуйн одноос олон болно та/Отог омог дотроо эвдрэлдвэл/Огт өөдлөхгүй сөнөнө та’ (208-9)‘юу юуны өмнө санамсаргүй тохиолдсон бэрх байдалд айж сандран тэвдэхгүй зоригтой самбаатай байвал таардгийг хожим хойшид марталгүйгээр бодон хичээж яваарайp[. Х]үний дууны өнгө буруушаасан зүхсэн байдлыг хүн байтугай адгуус ч мэдэж, буруу юм хийсэн бол, гэмээ мэддэг тул буруугаа мэдээд, тэдэнд муу санахгүй, өшөө өвөрлөхгүй гэсэн байдлыг бас дууны өнгөөр мэдэх тул өөр үг хэлтэй ч гэсэн учир бий юм шүү’ (229)‘Шүлгийн зүйлийг гиншин дуудах байдалд ардын аман бичгийн хэл, тууль, дууны байдлаас авч хэрэглэсэн нэгэн зүйл гэвэл эгшгээр төгссөн үгийн сүүлд эгшгээр эхэлсэн үг залгахад, хоёр эгшиг тааралдах нь аялан дуудах зэргийн зүйлд эвгүй байдаг нь хүн төрөлхтний хэл бүхэнд байдаг үзэгдэл бөгөөд монгол хэлэнд ч тийм зүйл гарахад дэлхийн бусад олон хэлтний нэгэн адил, тийнхүү үг төгсгөлийн эгшиг дараачийн үгийн эхний эгшиг хоёрын хооронд жийргийн гийгүүлэгч оруулан аргалдаг ёс байна.’ (245)‘Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,/Чин зоригт өвгөд дээдсийн минь өв эрдэнэ!’ (251)‘эртний Хүн улс, нангиадаар хун-ну буюу үсгийн утгы нь монголчилбол, хэрцгий боол гэсэн утгатай үсгээр нэрлэсэн бөгөөд монгол хуучин бичиг сударт хүн буюу хүнэ, орос бичигт гунны, хунны Европ зүгт тэр улстай илд мэсээ зөрүүлсэн улсын хэл бичигт цөм хүн гэж гардаг’ (251-2)‘Сайн юм ч миний багш, муу юм ч миний багш гэж би энэ хүнд дарлуулдаг боол явсан үеэ нэхэн бодоход, хүн хүнээ ингэж дарладаг нь хүний ёсонд нийлэхгүй муухай юм байна гэж боддог. ’ (293)‘Скит улс, танай Хүн улсын адил нүүдэлчин улс боловч, боол хүнийг их муухай дарлан зовоодог улс ажээ. [...] Энэ аяны цуваанд явдаг хүн дотроос боол зарц хүн нилээн байгаа нь ерийн цэрэг эрээс ялгаагүй, адил эрхтэй юм шиг явдаг нь надад сонин санагдаж байна гэхэд нь, Моодон,/- Манай Хн улсын олон овог дотор цэргийн олзны боол хүн бий. Дайнд олзолсон хүнийг овог отог дотроо айлд хуваан, мал маллах, цагаан идээ боловсруулах мэтийн гэрийн ажилд хэрэглэн, баян айл бол, боол нь ч идэх өмсөхөөр ядуу айлын хүнээс илүү бий. Ядуу айлын хүн бол, нэгэн овгийн баян хүний мал сүргийг хариулан амь зууж, эзэн боол хоёр, идэх өмсөх нь адил байдаг. Ан авд сайн бол, боол хүн бас цэрэгт явж, цэргийн гавьяа байгуулбал, олз омогтой бол, овгийн дотор багтан, үр хүүхэд нь боол гэхгүй, нэгэн овгийн нэгэн адил хар яст Хүн эр болдог заншилтай гэж хэлэхэд нь, бичиг үсгийн эрдэмтэй боол хүн байвал яана? гэж асуув./- Бичиг үсгийн эрдэмтэй бол, бичгийн ажил хийлгэж, бичээч болгоно. Бичгийн түшмэл бологсод ч бий’ (294)‘Түшиг уул сайт үнэг амар, түшээ мэргэн сайт эр амар гэдэг хуучдын цэцэн үг, гэгээн өдөр цээжиндээ, харанхуй шөнө зүүдэндээ санаж явалтай!’ (316)‘Сээрийн бөхөөр болдоггүй/Сэтгэлийн зөвөөр болдог’ (323)‘Сайн ану миний багш, муу ану бас миний багш. [...] Ухаантай хүнд юм бүхэн учиртайвшуу!’ (348)‘Төрийн хүн, төрийг бодохдоо, төрлийг тэвчих учиртай[.] Олон толгойтой могой их замд гараад, олон толгой нь зүг зүг арзагнан тэмүүлсээр тэргэний хүрдэнд даруулж үхсэн үлгэр бий. Ганц толгойтой олон сүүлтэй могой зам дээр гараад, олон сүүл нь нэгэн толгойгоо дагаад, хүрдэнд дайруулалгүй гарсан эртний үлгэр бий. [У]лсаа хохируулснаас амиа хохирсон нь Улс Хүнд илүү ашигтай болно.’ (350)‘Энх ураг барилдах гэж эртний нангиадын нэг ёс байсан нь нангиадаар Хэ цин гэсэн нэртэй зүйл. Нангиадын хаан, гадаад улсын эзэнд гүнжээ өгч, эвтэй найртай байхыг гэрээ бичигт заан хэлэлцээд, дайн байлдаан үгүй энх тайван, хоёр улс ураг төрөл барилдаж, эвтэй болъё гэж арга ядахдаа төрлийн сүлбээтэй болж эвлэрэхийг хичээдэг нэгэн зүйл ёс байжээ. Хүчирхэг байгаа цагтаа хэрэглэдэггүй буурай болж, гадаад улстай нэрээ бүтэн үлдээж эвлэрэхийг хичээдэг нэг зүйлийн дипломат арга нь байжээ. Эртний нангиадын түүхэнд ийм зүйл цөөнгүй гардаг байжээ. Тэр учраас Хэ цин буюу энх ураг барилдах гэж түүнд гоё нэр зохиосон байжээ.’ (380)