tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadJune 11, 2020Үүрийн туяа романы 2 дугаар дэвтэр нь энэ ботийн 8 дугаар ном байлаа. Өмнөх хэсэгт нь номны баатруудтай нь голцуу танилцуулж, тэдний аж амьдралыг харуулсан бол энэ хэсэгт нь түлхүү хувьсгал болон түүх талаас нь харуулжээ. Ардын хувьсгал гарах үеэр жирийн ард амьдрал ямар байсан, тэдний амьдралд юу хэрхэн өөрчлөгдсөн болон танил баатрууд маань тэр зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг харах сонирхолтой байлаа. Өмнө нь энэ үеийн хувьсгалын талаарх түүхэн тэмдэглэлийг бишгүйл харж байсан боловч, энгийн иргэдийн амьдрал талаас нь мөн бодит амьдрал дээр ямархуу байсныг энэ романаас л анх уншиж үзлээ. Ринчен гуайн энгийн үгээр энгийн ардыг бичсэн нь сэтгэлд их хоногшлоо. Надад таалагдсан хэсгүүдээс:‘argumentum baculi num* [/] Банз шаахайгаар ухуулан дагуулах гэсэн латин үг. Үгээр учрыг нэвтрүүлэн дагуулж чадахгүй цагт хүчирхэн дагуулах аргыг өгүүлжээ.’ (33)Энэ тайлбар нь тухайн үед ч, Ринчен гуайн бичиж байх үед ч лам нарын хийдэг зарим нэг зан үйл нь хэрэггүй мөнгө хүүлэх арга гэдгийг харуулж байна. Бас алтан савны учир утгыг мэдэхгүй олон, над шиг хүн байгаа байх гээд оруулсан:‘Шашны ёсонд үхсэн хүнийг тэнгэр асар, хүн, там бирд, адгуусны алинд нь төрснийг үздэг зурхайн сударт үзэхийг алтан сав татах гэдэг байжээ. Тэгээд буян ном хийлгэх гэж өргөл даатгал хийлгэдэг нь лам нарт их л ашигтай байв.’ (103)‘Гагалзах гэж юм хэлэх гээд хэлж чадахгүй, дэмий л уруулаа хөдөлгөж ангалзахыг хэлнэ.’ (109)Мэдүүштэй:‘Монголчуудын ёсонд, гэрийн баруун талд суувал, зүүн хөлийн өвдөг босгон, зүүн талд суувал, баруун хөлийн өвдөг босгон суудаг нь айл гэрийг хүндэтгэж, алив муугаас хамгаална гэсэн эртний бэлэг тэмдэгт элэгсэг найрсгийн ёс билээ.’ (113)‘Ургаа их модыг орвонгоор нь суга татах догшин салхи, аяс амьсгалы нь дагах өвсөнд гэм хор болдоггүйн үлгэр жишээ бий.’ (121)‘Болбой, бодоцгоовой, давхивай гэдэг үйл үгийн өнгөрсөн цагийн төлөвт – й дагавар залгахад, тэр тухайн үйл үгээр үзүүлсэн үйл буюу байдлыг тэгэв, ингэв гэж – в дагавар залган, өнгөрсөн цагт нэг тийм юм болсон гэдгийг заасан утгын дээр – й дагаварт хэлбэр нь үргэлжилсэн утгын санаа нэмж байгаа дагавар болно. Жишээ нь бодов, сонсов гэж урьд нэг бодсон, урьд нэг сонссон байдлыг уг хэлэгч хүн сонсогч буюу уншигчдаа мэдэгдэж, тэр тухайн үйл байдал нь тэрхэн нэгэн үед л өнгөрсөн дууссаныг мэдэгдэж байгаа аваас, бодвой, сонсовой гэдэг нь хэлж буюу бичиж байгаа үес өнөөх бодсоноо буюу сонссоноо дурдан санаж, сэтгэлд нь тэр өнгөрсөн явдал нь одоо болж байгаа юм шиг үргэлжилсэн тод байдалтайг илэрхийлэх хэлбэр юм. [/] Монгол бичигт бодоба – бодобай, соносба – соносбай гэж бичдэг нь тэр – й дагаврын өмнөх эгшиг: бод – ба, сонос + ба гэх мэт нь – й дагавартай нийлэн – а + й гэх мэт болдог нь аман ярианы хэлнээ хос эгшиг заримдаа урт эгшиг болдог журмаар – а + й аа, - оо болж э + й нь даруй ээ, - өө болдог тул, соносвай гэдгийг соносовоо, бодовой гэдгийг бодовоо, хэлэвэй гэдгийг хэлэвээ хэмээн дуудах ажээ. Тэр адгийн урт эгшиг нь өнгөрсөн цагийг үзүүлэгч ай, эй дагаврын дээр – й гэж сэтгэлд үргэлжлэн буйн байдал бүхий утгыг үзүүлсэн түүн лүгээ нийлж урт эгшиг мэт дууддаг болсон нь, эгч ээ, ах аа! гэж дуудахын тийн ялгалын – аа, - оо, - ээ, - өө гэдэгтэй адилгүй тул, эгч ээ, ирлээ, ах аа би соносвоо гэх мэтэд хоёр өөр зүйл буй. Нэг нь дуудахын тийн ялгал, тэр нь гагцхүү нэрийн зүйлд байдаг. Нөгөө нь өнгөрсөн цагийн үйл үгийн үйл байдлыг тухайн үйл байдал хэдийн өнгөрсөн боловч, өгүүлэгчийн сэтгэлд, үргэлжилж, одоо байгаа юм шиг тодхон байгааг үзүүлэгч дагавар тул, үйл үгнээсээн салгадаггүй нь үйл үгийн бусад дагаврын нэгэн адил суувай, хэлэвэй, аман ярианы дуудлагаар нь бичвэл сууваа чи минь, хэлэвээ чи минь гэх мэт болно. Үүнд суув аа минь, хэлэв ээ минь аа, ээ – гий нь салгаж үйл үгэнд дуудахын тийн ялгалын нэрийн хэлбэр оруулбал, хэлзүйн хувьд учир таниагүйн үзэгдэл болно.’ (130-1)‘Хуучин үгэнд, муу хүн идсэнээ, сайн хүн үзсэнээ гэдэг’ (181)‘Эрхэм баян – эрдэм [/] Дунд баян – өнөр, [/] Адаг баян – адуу мал [/] (Цэцэн үг)’ (212)‘Бээжин зэрэг газар модон бараар хэвлэсэн богдсын намтар, нангиад хэлнээс орчуулсан бичмэл үлгэр түүхийн зохиол өдий төдийгөөр олны гар дамжин явдгийг уншиж чаддаг хөдөөний бичигтэнгүүд бишгүй байдаг боловч сургууль тоо бодлого, газрын зүй зэрэг ерөнхий боловсролын хичээлийг заан сургаж чадах багш хүн тус улсад маш ховор байжээ.’ (212)‘Урт настай, удаан жаргалтай болоорой! Заяа буян чинь, атар газрын цэцэг шиг дэлгэрч, арван тавны сар мандаж байг! гэж ерөөжээ.’ (214)‘“Байцааваас, бидний Монголын урьдын засаг ван гүн, хутагт хувилгаад “болбаас, олон онд үе улирч, ард түмнийг дарангуйлан захирч явах цаг үест, “мөн ард түмний хөрөнгө хогшлыг албан татвар гэх мэтийн ил далд олон “зүйлийн арга овоор мөлжин хохируулж, амин хувьст шингээн, өөрсдийн “хөрөнгө зөөрийг зузаатган, хэтэртэл баяжсан болох төдийгүй, мөнхүү “хуримтлуулсан хөрөнгөнөөс эрхтэн дархтан гэдэг нэрийдлээр эрх сүрийг “далайлган, албан татвар гаргахгүй ба мөн албан татварын буюу хөрөнгөний “эрхээр ард түмнийг боолчлон зарцалж, зовоон чирэгдүүлэх зэргээр тэдний аж “амьдралыг алдагдуулан, соёл боловсролыг хоцрогдуулж, харанхуй мунхаг “бөгөөд хоосон ядуугийн зовлонд давхар давхар учруулсан нь туйлын “заналтай.” [/] (Тус улсын феодал нарын хөрөнгийг хураах тухай тогтоолоос)’ (241)‘Манай ард улсад хөдөлмөрчин бүхэн, үндэс угсаа, хөгшин залуу, эр эм гэж ялгахгүй, цөм адил тэгш тэрхтэй бидний улсад ядуу иргэн ард, ядуу монгол ард гэж ялгах зүйлгүй гэж комиссын дарга тайлбарлан хэлжээ.’ (249)‘На багш, тэр эскимос нарыг бидэнтэй зүс царай төсөөрхүү улс. Монголчууд, тэднийг нохой эртэн гэж бараг мянгаад жил нэрлэсээр тэдний тухай элдэв худал үнэн домог үг хэлэлцсээр ирж гэж хэлдэгсэн. [Э]рт дээр цагт Бутанцар овгийн анчин цэрэг, Хэнтий хан уул хаа хүрдэг юм бол гэж үзэх гээд өврөөр нь дагасаар, зүүн хойшоо явж үзсэн юм гэж дуулсан билээ. [...] Бутанцар овгийн тэр зоригтой эрчүүл, гадаад далайн захад гайхамшигтай юм үзэж гэнэ. [...] Гадаад далайн захад хүрсэн тэр зоригтон эрс, нохой эртэн улсын олон айл өрхөөр орж үзсэн байжээ. Тэгэхэд ер, эхнэр хүүхэд дайралдахаас биш, эр хүн үзэгдсэнгүй. Эр хүйстэнгээс ганц нохой л олон дайралдаж, бас хээр ч гэсэн тэр нохойгоо чарганд хөллөөд явах эм хүнтэй олон дайралдаад, Бутанцарын тэр цэрэг эрс, тэр улсыг эм хүн нь нохой эртэй байдаг юм байна гэж бодоод, нохой эртэн гэж тэднийг өөр зуураа гайхан нэрлэсэн байжээ.’ (263)‘Ийнхүү идэр залуу цэргийн эрстэй дотно халуунаар салах ёс хийгээд, Ширчин, машинд сууж, цэргийн хуарангаас байрандаа буцлаа. Замд нь хурандаа өгүүлрүүн: [/] - Өнөөдөр, Ширчин гуай таны манай цэрэгт урьдын байдлаас ярьж өгөхөд, бид хувьдаа бас, их сонирхолтой сургаалтай юм олж сонслоо. Миний бие ардын хувьсгалын үес өсөж хүмүүжсэн тул, феодалын ёс байдлыг энэ тэр товхимол, энэ тэр өгүүллээс үзэж, бүдүүн тоймыг мэдэхээс биш, чухам нарийнийг мэдэхгүй. Манай уран зохиолд ч гэсэн, ер феодалын ёс байдлыг таны өнөөдрийн ярьж өгсөнтэй, тийм яруу томруунаар үзүүлсэн зүйл байдаггүй шүү дээ.’ (336)Ц. Цэдэнжав-ын бичсэн төгсгөлийн үг:‘Урьд хэн ч билээ сэтгэлээр үздэг уран зураг гэж яруу [н]айргийг нэрлэсэн юм гэдэг. Хэрэв манай утга зохиолд тэгж сэтгэлээр үздэг яруу найрагч байдаг бол тэр нь Ринчен гуайн роман болох нь дамжиггүй. Дорно дахинд үнэхээр дундад зууны түнэр харанхуй шөнийн дүрээр ноёрхож байсан Манжийн түрэмгийллийн бурангуй шөнө төгсөж ард түмэн тусгаар тогтнолынхоон төлөө хэрхэн нуруу тэнийн тэмцсэн түүхэн замналын хамт шинэ цагийн үүр манхайн цайж байгааг харуулснаараа энэ роман үнэхээр манай үеийн туульсын эхийг тавьсан роман боллоо! Тэгээд ч үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн гэнэт нэг өдөр үүсэн гараагүй ард түмний гүн дотроос аандаа гарч ирсэн ганц нэг хүний тэмцлээс эхэлж зохион байгуулалттай өргөн нийтийн хөдөлгөөнд хүртлээ түвэг орооцолдоонтой хүрээ ихтэй түүхт тэмцлийн замыг удтал туулсны үр дүнд монгол оронд ингэж үүрийн туяа болж гийсэн шинэ нийгмийн хөгжил нь түүний зүй тогтоолт үр дагалт болох эрх чөлөөний хөдөлгөөн ардчилсан хувьсгалтай нь хамт монголын шинэ үеийн утга зохиолын анхны тотгоор туяаруулж өгсөн энэ роман зохиолч бидэнд асар их юм өгсөн нь маргашгүй билээ л.’ (349)