tsatsa sama74 reviews33 followersFollowFollowReadJune 21, 2020Эхний хэсэг нь Ринчен гуайн орчуулсан Галуу Дагасан Гайхамшигт Аян гэдэг Швед домог, үлгэр. Богинохон бас сонирхолтой санагдлаа. Дараагаар нь Ринчен гуай оюутан болоод анх үзэж, харж, сурч байсан зүйлсийнхээ талаар багш нартаа талархах үг маягаар өнгөрснөө дурсан бичсэн хэсэг нь богинохон боловч их сургаальтай санагдлаа. Ялангуяа тэр үед анх Зөвлөлт Холбоот Улсад оюутнаар очсон Монгол залуучуудын тухай сонсох их сонин байлаа. Тэр үеийн оюутан хүний бодол одоо миний туулж байгаа амьдрал хоёрт ижил төстэй зүйл их гэдгийг мэдэж авсны дээр, Ринчен гуайн туулсан оюутны амьдрал, тэр үед ухаарсан, сурсан зүйлс нь одоо ч бидний туулдаг зүйл гэдгийг мэдэж, харьцуулалт хийх сайхан байна. Үүнээс гадна Оросоор бичсэн Монголын ёс заншлын талаар нийтлэлийн хэсгүүд байсан боловч тэрнийг нэг их унших шаардлагагүй гэж бодоод алгассан. Эцэст нь Г. Аким гэж хүний төгсгөлийн үг маягийн бодрол бичсэн байна. Ринчен гуайн тухай бичсэн бас өнөөгийн Ардчилсан нийгэм, Монголоо гэх үзлийн талаар дурдсан нь их юм бодууллаа. Эцэст нь, энэ ном Ринчен гуайн ботийн хамгийн богинохон буюу цөөн хуудастай ном нь. Гэхдээ мэдээж уншихад урамтай. Дараагийнх нь буюу хамгийн сүүлчийн номыг нь уншиж дуусгахыг тэсэн ядаж байна.Надад таалагдсан хэсгүүдээс:‘Эрдэмтэн хүний нэгэн үг нь мянган лан алтнаас илүү гэж манай ардын мэргэн цэцэн үгэнд байдаг нь учиртайяа. Тийм мэргэн үгс бүхүй ард түмэн бас эртний өв их соёлтойяа! гэж бодон авай.’ (125)‘Уу гэдэг үг, манай ардын хэлнээ газрын нэрнээ Улаанбаатар хавийн Туулын уу булан гэдэгт, бас уу ханцуй гэх мэтэд буй ину монгол худам үсгээр агуу гэж бичдэг үг, а у хоёрын дундахи Г гийгүүлэгч нь сугарч, хоёр эгшиг нийлэн урт эгшиг “уу” болсон зүйл. Эл уу гэдгээс уу+да+м гэх мэт нэрийн зүйл тэр уу- гэдэг үндсэн үгнээс үүсчээ.’ (125)‘сүүлийн хэвлэлд монгол үсгийн дунд ордог т- д нэгэн адил үсэгтэйг д гэж ухааран дуудаад, догдлон гэж дуудах бичих заншил хэвлэлээр дэлгэрч буй боловч, ахмад настан ардын өтгөс өвгөдийн аман аялгуунаа мөн догтлох гэж хэлэлцдэг уламжлал тасраагүй, гагц хэвлэлд т гийгүүлэгчийг дандаа д болгон бичиж буй үүнд догдлох биш, догтлох гэдэг учиртай тул, хэл утга судлаачийн хувьд тэр учрыг мэдсээр байж догдлоочингуудын ам дагах нь арай мэргэжлийн ёсонд таарахгүй тул, догтлох гэдэг учиртайг энд дурадсу. Ингэж хазгай дууддагийн жишээ нилээд үзэгдэх болж байгаагийн ганц нэг жишээ бичвээс, хоёрдугаар дайны үес гарсан орос-монгол толийн орчуулгыг миний бие засахдаа, роза гэдэг цэцгийн нэр нь дөрвөн хэлний толиор хөөн дүйлгэвээс даруй - сарнай цэцэг” болдгийг олж, розыг сарнай цэцэг хэмэн худам монгол үсгээр татлан бичсэнийг машиний бичээч кирил үсэг болгон бичихдээ н үсгийн цэгийг г үсгийн цэг гэж ташааран үзээд, сарнай цэцгийг “саргай цэцэг” болгосныг тэр чигээр нь эрхлэгч нь явуулж, дараачийн орос монгол толь хийгчид, цөм “саргай цэцэг” гэж явдаг болсонтой адил үзэгдэл олон гарсаныг дурадсу. Мөн тэр толинд окурок гэдгийг “тамхины иш” гэж татлан бичсэний минь өнөөх машины бичээч “тэмээний сэг” гэж дуудан кирил болгоод, редактор нь “тэмээний сэг” хэвээр нь явуулсан нь толинд хэвээрээ гараад, хойно Москвад тэр толийг үндэслэн Ринчинэ нэг толь гаргахдаа “тэмээний” гэдгий нь “окурок” гэдгээр тэмээнд хамаагүй гэж “тамхины” болгосон боловч, “сэг” гэдгий нь хэвээр нь үлдээж, “окурок” гэдгийг “тамхины сэг” болгочихсон зэргийн хачин юм нилээд бий.’ (127-8)‘Одоо санаваас, авьяасаар нөгөө гурван нөхөд минь надаас дутуугүй байсан байх даа. Гэрийн багш сайны учир, монгол бичиг зохиолыг багадаа үзсэний хувьд би арай илүүтэй байсан даа. Тэр багшийн л ач. Гэрийн сургаалийн ач. Хаврын дэлгэр цаг, үетэнтэйгээ тоглож байхад, авга минь, номоо үз гээд дуудахад, дотор пал хийж, хүнийг ийм сайхан тоглож байхад тэр залхуутай ном судар уншуулах гэж, даан чиг яав даа гэж, тоглон цэнгэж байгаа үетнийхээ зүг алхам бүр эргэн харж, Сайн үгт эрдэнийн сан, оюун түлхүүр, энэ тэр сургаал гэхийг бодоход, залхуу хүрч уйлмаар, Гурван үсэгт ном гэдэгт энэ эрдэмтэн гэр ядуу учир үхэр хариулж явахдаа, үхэр унаад номоо үзэж багадаа оролдсоор эрдэмтэн болсон, тэр нэг эрдэмтэн, гэр ядуу учир, айлын цонхны дор, цасны гэрэлд ном үзсээр эрдэмтэн болсон, бас нэг эрдэмтэн, бас л гэр ядуугийн учир, галт хорхой барьж, түүний гэрэлд ном үзсээр хойно их эрдэмтэн болсон гэх зэргийг уншин заалгаснаа санан санан, гэрийн зүг алхаж явахдаа, бас ямар эрдэмтэн нь багадаа яаж байсан нь гарч, намайг залхаах нь вэ? гэж би гэрийн зүг, сэтгэл тоглоомын зүг хоёрдож явдаг байлаа. Чингэж сайхан үг найруулгатай бичиг зохиол монголоор багадаа үзсэн минь, хожим хойно их хэрэг болсонд, эртний соёлт орос ардын мэргэн үгнээ ном сурахын үндэс нь гашуун, үр нь амттай гэж үнэн хэлжээ дээ гэж боддог болсон.’ (130)‘Тэр үед эрдэмтэн багш нарын чанга шаардлага эс тавьсан бол, тэгс ингэс гэж сургууль төгсгөсөн нэг диплом өвөрлөөд, улсын албан газрын нэгэн орон тоог бөглөөд, ажлын урсгалаар хашир сууж, хал үзэж албан үүргээ гүйцэтгэгч нэгэн хүн явж, хүн амын тоо бүртгэлд нэгэн ширхэг хүн, албан газрын орон тоонын хүснэгтэнд нэгэн ор олон жил бөглөн суусан хүн гэж явах байсан аваас, одоо монголын судлалд бас чадлынхаа хирээр судлагдахууныг нийлүүлж, ардынхаа соёлын өвөөс судалгаанд оруулах тухайд судлалын далайд дусаал нэмэрлэлээ.’ (131)‘одоо энэ зохиолоо дундад сургуулийнхаа зөвлөлтийн багш нарын ариун дурсгалд хичээнгүйлэн зориулсан минь, сүсрэн бишрэхүй сэтгэлийн үүднээс ачий нь номоор хариулахыг хичээж, эцэг эх биеийг төрүүлж, багш нар эрдэм өвөрлүүлнэ гэж манай эртний соёлт ардын үг юутай мэргэн бий гэж, энэ дуртгалыг зориут өгүүлсэн минь, бага дундад сургуулийнхаа багш нарыг номын сургууль хийсэн хүн энхрийлэн санаж, ачий нь насан турхар сэтгэж бодож туйлын хүндэтгэн үзэх нь нэн зориутлан захих гэж дурдлаа. Биеэ тоож өгүүлсэн үг биш, эрдэм сургаж, номын үсэг заасан багш нарынхаа ачийг хэзээд бодож яв гэдэг манай ардын ёс заншил тун их учиртайг хойч үеийнхээ залууст захин дурдах гэсэн санаа! Улс түмэндээ, эх орондоо хүчээ гарган, эрдэм шинжлэлийн зүг нэгэн санаа зориулсан хүн, эрдэм хязгааргүй, юм хичнээн мэдэх сурах тусмаа өөрийнхөө мэдэн төсөөлснийг төчнөөн бага байна гэж улам их мэрийж, насан турхаруу юм сурахыг оролдох учиртайг хойчийн залууст захих минь энэ бөгөөд, сурсанаа сагсууран гайхуулсан юм огт биш, сурах тусмаа сурах юм улам их байгааг мэдэх мэдрэл сууж, улам сурахыг хичээх учиртай юм байна гэдгийг захих гэсэн санаа.’ (132)‘Ars longa, vita brevis - эрдэм урт, нас богино гэдэг эртний латин мэргэн үг байдаг нь маш учиртай үг.’ (133)‘Тэр үед оюутан гэж эрдэм шинжилгээний ажилтан гэсэн утгатай нэр байжээ. Бас оюутны сургууль гэж багш нарыг бэлтгэдэг сургууль байж билээ. Хожим бичгийн боловсролтныг оюутан гэж нэрлэн бичдэг болсонд их сургууль бий болоход түүнд суралцах хүнийг оюутан гэвэл зохих юм гэж нэр томьёоны комиссоор оруулж, оюутан гэдгийг одооны хэрэглэдэг утгатай болгосон билээ. Чингэхэд сэхээ гэдэг нь даруй латины интеллект гэдэг үгтэй дүйх нэр юм. 1488 онд интеллигент гэж латин үгний интеллигенс гэдгээс үүсгэсэн герег-латин хүрээний улсын нэрийг монголоор даруй сэхээтэн гэвэл бэлхэн үг байгаа юм гэж өв соёлынхоо нэрийн зүйлээс гучаад оны үеэс Ишдорж багштай санал нийлэн зүтгэсээр байсны үр дүнд, нэгэн хэсэг оюутан сэхээтэн гэж хоршоо үг хэрэглэж, дараагаар нь сэхээтэн гэдэгт албан орчуулагч бичигч нар нүд чих дасаад, одоо сэхээтэн гэдэг үг нийтийн гүйлгээнд орсон нь, зөвлөлтөд сургууль хийсэн анхны монгол хэл бичгийнхээ үгийг европын герег-латин үгсийн сангийн үгстэй дүйлгэж эхэлсний зүйл болно.’ (137)‘өргөдөл гэдгийг өрөгдөл гэж бичиж нийтлэж байдаг маань, өрөхийн өрө- г[э]дэг үндэснээс өрөгдө- , түүнээ эл үгнээс нэр болгодог - л залгахад өрөгдөл гэж өрөгдөхийн нэр, гүй- гэдгээс гүйгдэ- гэдэг үндэснээ - л залгаж гүйгдэл гэсэнтэй адил бүтэцтэй үг болж байна, өргө- гэдгээс өргө- дө- л гэж өргөдөл хэмээх албан газар өргөн мэдүүлэх бичгийн нэр болж, өрөгдөдөг өрөгдөлөөс шал өөр юм гэж ялган мэдэлгүй, өргөдөг өргөдөл ч өрөгдөл, өрөгддөг өргөдөл ч өрөгдөл гэж хутгадаг үе дан шүргэх з, ж, шүргэн хамжих з, ж хоёрыг ялгахгүй байгаа нь аргагүй юм даа гэж боддоог! (159)‘Орос хэлэнд “ө” эгшиг үгүйн учир, түүнийг “ү” эгшгээр орлуулан, манай “өлгий” гэдгийг “ульгий”, өндөр гэдгийг “ундур” гэж бичдэгтэй нэгэн адил, эртний монгол үсгийн мөнгөн пайзанд “Өсбеги” гэдэг нэгэн хааны нэр бүхүй зүйл одоо Москвагийн түүхийн мүзейд хадгалаастай байгаа нь даруй тэр улсын эзний нэр нь бөгөөд, улс нь түүний нэрээр одоо биеэ “езбек” гэдгийг оросоор ө үгүйн учир “узбек” гэж бичдэг бөгөөд дууддаг ажээ. Үүнд бидэн, езбегийн нэгэн адил ө эгшигтэй хэлтэн тул, езбек гэдгийг гагц хүү адгийн “к” гийгүүлэгчийг монгол аялгууны ёсоор “г” болгон, “езбег” гэж бичих нь хэлний маань ёсонд нийцтэй болно.’ (200)