Truth cannot be told, cannot be taught by anyone, only You can experience the truth
Зэн бол Энэтхэгт бүрэлдсэн үр бөгөөд Хятадад соёолж, Япон улсад дэлгэрсэн цэцэг хэмээнэ. Зохиолч өөрөө Энэтхэг хүн болоод ч тэр үү Энэтхэг улсаа магтан дуулсан үнэр үнэртэх шиг. Яагаад гэвэл Энэтхэгт аливаа зүйлийн үр үндэс бий болдог гэдгээ дахин дахин дурдахын зэрэгцээ зохиогч Ошо эх орноо яруу сайхнаар эхийн хэвлийтэй зүйрлэсэн байх юм. Эхийн хэвлийд үр бүрэлдэхэд таатай, дулаахан боловч түүнээсээ гадагш гарч чадахгүй бол мөхөлд хүргэнэ. Үүний нэгэн адилаар Зэнгийн үүсэл Энэтхэгээс гаралтай ажээ. Нөгөөтэйгүүр Энэтхэг бол их дотогшоогоо улс, учир нь аливаа шашин, гүн ухааны үзлийг гадагш таниулах бус, тэдний менталитет нь болоод ч тэр үү, аливааг өөрөөсөө, дотроосоо бясалгаж ухаарах философитой учраас ЗЭН-г Япон, Хятадаас гаралтай гэж хүмүүс олонтаа үздэг бололтой.
Бидний мэдэх Бурхан багш Буддагаас ч өмнө үүдэлтэй “dhyani” гэх санскрит үг маш ганцаардмал, бүх зүйл ухамсарын гүнд, бүр эсвэл хов хоосон чанарыг илтгэнэ. Гэвч энэ үгийг Англи рүү оновчтойгоор орчуулах боломжгүй хэмээжээ. Утга агуулгын хувьд хоосон, ямар ч үзэл бодол үүнд байх ёсгүй. Уг үр үндэс Хятад улсад “chan” болж, Японд ирээд “Зэн” нэршлээ олсон байна.
Зэнгийн философийг олон ч удаа Энэтхэг улс дотроо мөхөөж байсан боловч аз таарч Бодьдхарма зэнгийн үрийг Хятад улсад суулгажээ. Хятад улс аливаа үр соёолоход таатай орчинтой боловч цэцэглэх нөхцөлгүй. Харин Япон бол цэцэглэхэд нэн таатай бөгөөд яг л эр ухамсартай адил гэх.
Зохиолч Энэтхэг болон Японы хөгжлийн ялгааг эдгээр хоёр улсын гүн ухааны үзэлтэй холбож их сонирхолтойгоор тайлбарласан байх юм. Энэтхэгчүүд гадны ертөнцийг ойшоодоггүй, зөвхөн дотоод ухамсартаа анхаардаг учраас тэдэнд гоё байшин, гоё хувцас зэрэг материаллаг эд баялаг чухал биш. Тиймдээ ч одоог хүртэл ард иргэд нь ядуу байдаг байх. Тэр байтугай гоё сайхан зүйл таарлаа ч үүнийгээ урд насныхаа үйлийн үртэй холбож ойлгоно. Гэтэл япончуудын хувьд аливаа гадаад үзэмж, гоо сайхан маш чухал учраас энд бүх юм цэцэглэх таатай нөхцөл бүрдсэн байдаг. Энд хувцас хунараас авахуулаад хүмүүс хоорондын харилцаа ч гэсэн эелдэг, инээмсэглэл дүүрэн, найрсаг байх ёстой. Тиймдээ ч Зэнгийн гүн ухаан энэ л нутагт маш олон өнгийн цэцэг болон дэлгэрсэн ажээ.
Зэнгийн өөрийн гүн ухаан юундаа юм бэ? гэвэл товчхондоо бүх зүйлийг бүхлээр хар гэнэ. Үхэл амьдрал, зовлон жаргал, бодь сэтгэл, шунал тачаал гээд бид бүгдийн алхам тутамдаа ухамсаргүйгээр сонголт хийж байгаа тэдгээр хоёр туйлт үзлийг нэгэн бүхэл болгож өөртөө шингээх. Ингэж чадвал бидэнд аливааг сайн, муу гэж ялгах шаардлага үгүй болно. “Зүгээр л ойлго, хэрэв ойлгож чадвал таны инээд хүрнэ дээ. Тиймээс тайвшраад сайхан цай ууж инээмсэглэ”. Энэ үг бол номын уур амьсгалыг илтгэж байна. Эгэл, энгийн тэгсэн мөртлөө ахуйн бас байгалийн үнэр үнэртэх. Түүнчлэн зөвхөн дотоод ухамсар бус сансар огторгуй, байгаль дэлхий, амьтай ба амьгүй бүхнийг бүхлээр нь ойлгох, юуг ч бүү үлдээ гэсэн санаа Зэнг шашин гэж ойлгоход хүргэсэн гэдэг.
Ингээд Зэнгийн үүсэл, хөгжлийн талаарх эртний бэлгэ тэмдэг, үе үеийн гэгээрсэн багш нарын түүх, амьдрал, Энэтхэг, Хятад, Япон гэсэн гурван улсын нөлөө, гэгээрэл зэргийн талаар бичихдээ зохиолч мод, ургамал, ус, чулуу, сансар огторгуйтай хүртэл холбож жишсэн нь уг номыг бусдаас илүү онцлог, илүү их тайвшралыг өгсөн амттайхан ном болгож чаджээ. Байгалийн сайханг үзэхээрээ хүн ямар их тайвширч сэргэдэг билээ, яг л тийм мэдрэмж төрнө дөө.