"Хайрхаан!" номын гол баатар Лувсанхайдав гуайн туулсан амьдрал бол дайн дажны ээдрээтэй тун хэцүү цаг үеийг хэрхэн самбаагаараа давж чадсаныг өгүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн хүмүүсийн итгэл үнэмшил, зан төлөв, орчин байдлыг мэдрэх, монгол, хятад, төвд, энэтхэг, америк хүмүүсийн дунд яаж амиа авч явах зэргийг асар сонирхолтой илэрхийлсэн одоо ч үнэ цэнэтэй зүйл олон байна. Тэр цагт багш, соцын үед сурган хүмүүжүүлэгч, одоо цагийн ментор хүний амьдралд ямар хэрэгтэйг мөн энд харуулна. Уг номыг бүтээхдээ дуу хураагчид шингээж авсан Лувсанхайдав гуайн олон хуурцгаа эргэж сонсонгоо гараар сийрүүлж бичээд, компьютерт шивж оруулаад, засаж найруулаад, зүүлт тайлбар нэмэх замаар явж ирсэн. Гол нь ярианд дурдагдаад өнгөрөх үйл явдлуудыг он цагийн хувьд баримтуулж авсан. Үүнд цаг их орсон. Тус номд ховор нандин үг хэллэг, мартагдсан зан үйл, хүмүүсийн харьцааны соёлын талаар арвин юм орсон. Ном бол мэдээлэл өгөхдөө мэдлэг давхар хайрлах ёстой гэсэн уламжлалт аргаар бичлээ. Ном бичих хүн бол маш сайн өгүүлэгч, үлгэрч байх ёстой юм байна гэдгийг бүрэн ойлгож авсан. Жэк Лондонгийн бичлэгийн арга барилаас суралцахыг мөн хичээлээ. Тэрээр гайхамшигтай өгүүлэгч (storyteller) байжээ. Бусдын арга барилыг сайн сурах их чухал ажээ. За тэгээд номыг уншаад юу хэлэх гэснийг ойлгоно буй за.
Ш.Баатар 2022 оны 1 сарын 26